“MyHotel” платформ нь дижитал аялал жуулчлалын зочлох үйлчилгээг санал болгож байна

Local news, 18.03.2022

Арвин баялаг түүх, онгон байгаль, зэрлэг ховор амьтад, нүүдэлчдийн соёлын өвөөрөө алдартай Монгол Улс нь дижитал эрин зуунд технологийн шинэ давалгаанд дасан зохицож, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг эрчимжүүлэх арга замыг тодорхойлоход зохих бэрхшээлтэй тулгарч байна.

iHotel компани
iHotel компани ©iHotel

Зочлох үйлчилгээг цахимжуулснаар Монгол Улсад эдийн засгийн хөгжлийг дэмжсэн, хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалын тогтолцоог бий болгоход ахиц гарна хэмээн үзэж байна.

“iHotel” компани нь зочлох үйлчилгээний салбарт дижиталчлалыг хөгжүүлэх “MyHotel” төслийг 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхлүүлж, улмаар дараагийн санхүүжилтийн 60 хувийн дэмжлэгийг ШХА-аас авсан юм. “MyHotel” нь зочлох үйлчилгээний салбар дах жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд “iHotel” болон “MyHotel” зэрэг хямд, шинэлэг дижитал платформыг ашигласнаар бизнесээ өөрчлөх, өргөжүүлэх боломжтой юм.

Энэхүү санаачлагын хүрээнд 400 гаруй ЖДҮ-үүд биечлэн зөвлөгөө авч, олон улсын бизнесийн удирдлагын тогтолцоонд холбогдох боломжтой болжээ. Эдгээр жижиг аж ахуйн нэгжийн эзэд орлогоо тооцоолох, үйлчлүүлэгч олж авах, ажилчдын мэдээллийн менежментийн талаар орчин үеийн дижитал хэрэгслийг ашиглаж сурах юм. Онлайн системийг ашигласнаар эдгээр ЖДҮ-ийн үр ашиг дээшилж, ил тод, мэргэжлийн, чанартай үйлчилгээгээр дамжуулан гадаад дотоодын жуулчдыг олноор татна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү платформыг ашигласнаар салбарын ажил эрхлэлтийг маш ихээр нэмэгдүүлэх, борлуулалтыг дор хаяж 20 хувиар ахиулах, үйлчлүүлэгчдийн худалдан авалтыг 30-аас доошгүй хувиар өсгөх, хамгийн чухал нь үйлчлүүлэгчдийн эерэг сэтгэл санамжийн үнэлгээг багаар бодоход 20 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан төлөв гарч байна.

“iHotel” компани нь Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймагт байрлах зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, гэр баазуудтай хамтран ажилладаг. Эдгээр бүх аж ахуйн нэгжүүд дижитал өөрчлөлтийн үйл явцын янз бүрийн үе шатанд байгаа тул орон нутгийн онцлогт тохирсон тусгайлсан шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Одоогоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл болон аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын зочид буудал, аялал жуулчлалын холбоодын ажилтан, мэргэжилтэн, сургагч багш нарыг холбогдох сургалтуудад хамруулаад байна. Сургалт, зөвлөгөөний үр дүнд төсөлд хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйлчилгээний менежментийн талаарх мэдлэг дээшилж, дижитал бичиг үсэг, ойлголт, мэдээлэл сайжирсан байна.