Швейцарын Хамтын Ажиллагааны Газар, Консулын хэлтэс

Монгол, Швейцарийн далбаа
Swiss Cooperation Office in Ulaanbaatar © FDFA

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга хатагтай Стефани Бурри та бүхнийг цахим хуудсандаа урьж байна!

© Швейцарын хөгжлийн агентлаг

Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газарт тавтай морилно уу!

Швейцар, Монгол хоёр улс 1964 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш урт удаан хугацаанд найрсаг харилцаатай явж ирсэн.  2001 онд Монгол улсын Засгийн газар, НҮБ-аас олон улсын хамтын нийгэмлэгт хандаж гаргасан уриалгын дагуу зудын гамшигт нэрвэгдэгсдэд хамгийн түрүүнд туслалцаа үзүүлсэн орнуудын нэг нь Швейцар улс байв. Анх хүмүүнлэгийн тусламжаар эхэлсэн Швейцар улсын хөгжлийн тусламж аажмаар хүрээгээ тэлж Монгол улсын урт хугацааны хөгжлийн сорилтуудад чиглэх болжээ. Швейцарын хөгжлийн агентлаг 2004 онд Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраа нээж ажиллуулсан юм. 

Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамны харъяа олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) бол тус улсын хөгжлийн албан ёсны тусламжийг хэрэгжүүлэгч байгууллага юм. 

ШХА нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн эрх тэгш, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

Монгол улс шилжилтийн дараах үеийн эдийн засаг, улс төрийн ололт амжилтаараа байнга шагшин магтагдаж ирсэн төдийгүй өнөөдөр дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй залуу ардчилсан орон хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байна. Эдүгээ Монгол улс уул уурхайн үйлдвэрлэлийн их тэсрэлтийг дагасан урьд өмнө байгаагүй эдийн засгийн өсөлт, эрчимтэй хөгжлийн үеийг туулж байна. 

Монгол Улсад ядуурал хэдий буурч байгаа гэж үзэж байгаа ч хөдөө орон нутгийн хөгжилд тулгамдсан гол асуудал хэвээр байна. Түүнчлэн хот, хөдөөгийн амьжиргааны түвшний ялгаа ихсэж, орлогын тэгш бус байдал нэмэгдэж буйд нийтээр санаа зовж буй нь ирээдүйд нийгмийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй юм. Иймд Монгол улсын хөгжлийн хамгийн том сорилт бол уул уурхайн их өсөлтийн үр шимийг нийт хүн амыг бүрэн хамарсан, эрх тэгш, тогтвортой хөгжил болгон хувиргах явдал болоод байна. Энэхүү хүчин чармайлтын нилээд нь эрх баригчдын засаглалын байгууллагуудаа сайжруулах, улмаар эрдэс баялгийн орлогоо  ил тод, хариуцлагатай удирдлагаар хангах хүсэл сонирхол, чадавхиас хамаарна. 

Швейцар улс Монгол улсын Засгийн газрын урилгаар тус улсын хөгжлийн стратегийн түнш болж, бусад оролцогч бүх талууд, хөгжлийн байгууллагуудтай хамтран Монгол улсын улам хөгжин цэцэглэсэн, ардчилсан, ногоон нийгэм болох үйлсэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг даван туулахад туслалцаа үзүүлж байгаадаа таатай байна.