ШХА-ийн Ерөнхий захирлын дурсамжит айлчлалын үр дүн

Local news, 05.11.2023

Хэдэн сарын өмнө ШХА-ийн Ерөнхий захирал, Холбооны Гадаад Хэргийн Яамны Дэд сайд Патрисия Данзи Монгол Улсад долоо хоногийн айлчлал хийсэн билээ. Манай ШХА-ийн хамт олон энэхүү айлчлалыг сэтгэл догдлон хүлээж байсан бөгөөд төв оффисоос ирсэн төлөөлөгчдийг хүлээж авахдаа нэн баяртай байлаа. 

ШХА-ийн Ерөнхий захирал Патрисиа Данси Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Л. Өлзийсайханы хамт
ШХА-ийн Ерөнхий захирал Патрисиа Данси Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Л. Өлзийсайханы хамт ©ШХА

Монголын талын хамтрагч байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн тэднийг мөн сэтгэл догдлон хүлээж авсан. Энэ нь ШХА-ийн Монгол Улсад 20 жилийн хугацаанд үзүүлсэн тусламж дэмжлэгийн үр дүнг танилцуулах сайхан боломж байлаа. ШХА-ийн төв оффисын төлөөлөгчид Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийлээ. Айлчлалын үеэр төлөөлөгчид ШХА-ийн Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын засаглал, хөдөө аж ахуйн салбар, мөн Төв, Дархан аймагт хэрэгжүүлсэн төслүүдтэй газар дээр нь очиж танилцах сайхан боломж олдсон юм.

ШХА-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн ололт амжилт, үр дүнг өндрөөр үнэлсэн юм. Швейцарын Холбооны Улсын дэмжлэг нь улс орны өмнө тулгарч буй сорилтыг давах, хөгжил дэвшлийн бүхий л түвшинд хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн БНХАУ-д байрлах Швейцарын Холбооны Улсын Элчин сайд Юрг Бурри шинээр итгэмжлэгдсэн Элчин сайдын хувиар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан юм. Энэ айлчлал нь дипломатууд болон олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан төлөөлөгчдөөс бүрдсэн өндөр ач холбогдолтой айлчлал болсон юм. ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж, Швейцар, Монгол хоёр улсын Засгийн газрын түншүүд цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан энэхүү Берн, Бээжингээс ирсэн төлөөлөгчдийн хамтарсан айлчлал нь сайн туршлага болсон гэж үзэж байна.

Ерөнхий захирлын хийсэн айлчлалын зорилго нь ШХА-ийн Монгол Улс дахь хоёр талт хамтын ажиллагаа дуусгавар болж буй төгсгөлийн үе шатанд дэмжлэг үзүүлэх явдал байлаа. ШХА-ийн үйл ажиллагааг үе шаттайгаар амжилттай өндөрлөх чухал зорилтуудын нэг буюу Монгол дахь ШХА-ийн хамт олны хэлдгээр “Төгсөлтийн” үйл явц нь Монгол, Швейцар хоёр улсын хамтын ажиллагааны шинэ боломжит хэлбэрүүдийг судалж, тодорхойлох явдал юм.

ШХА 2024 оны дунд үеэс Монгол Улс дахь үйл ажиллагаагаа дуусгавар болгох бөгөөд цаашид уулын аврах үйл ажиллагааг хөгжүүлэх, гаалийн эрсдэлийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын түншүүдтэй хийсэн олон үр дүнтэй хэлэлцүүлгийн үеэр ярилцсан боломжит хувилбаруудын зарим жишээнээс дурдья. Үүнд:

Монгол, Швейцарын парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа:

Монгол Улс ардчилал, төвийг сахисан, хараат бус бие даасан байдлаа бэхжүүлж хадгалахыг зорьдог. Монголын иргэд эрх баригчидтай маш нээлттэй “айх айдасгүй” чөлөөтэй харилцаж байгаа байдал мөн ардчиллыг бэхжүүлэх талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд Патрисия Данзид гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ерөнхий захирал энэ сэтгэгдлээ “Монгол Улс бол бүс нутагтаа Ардчиллын үнэт эрдэнэ” хэмээн илэрхийлсэн юм. Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх хамтын ажиллагаа нь Швейцарын Парламентын Тамгын газрын техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж, томоохон үр дүнд хүрсэн. Иймд ШХА цаашид Монгол, Швейцарын парламент хоорондын техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Аюулгүй байдлын бодлогын Женевийн төв (АББЖТ)-ийн сургалтын төвийг байгуулах: Сүүлийн үед болж буй бүс нутгийн болон дэлхийн хэмжээний геополитикийн өөрчлөлтийн улмаас бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын чиглэлээр бүхий л улс оронтой хамтын ажиллагаагаа хадгалах нь чухал болохыг бид тодорхой харж байна. Бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр оруулж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, 2024 оны 9-р сараас эхлэн АББЖТ-ийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулахаар төлөвлөж байна.

Уур амьсгалын өөрчлөлт: Монгол Улсын газарзүйн өвөрмөц байршил, нутаг дэвсгэрийн цар хүрээ нь уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой юм. Уур амьсгалын Ногоон сангийн дэмжлэгийн хүрээнд ЕСБХБ, НҮБХХ, АХБ зэрэг олон талт хамтын ажиллагааны байгууллагуудаар дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад онцгой анхаарал хандуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн Монгол, Швейцарын хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь Парисын хэлэлцээрийн 6-р зүйлийн хэрэгжилт, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, барилгын үр ашиг зэрэг уур амьсгалын чиглэлээрх хамтарсан хөтөлбөр, төслүүдээр дамжуулан ногоон хийн ялгаралтыг бууруулах явдал юм.

Швейцар, Монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа: Швейцарын хэд хэдэн Худалдааны танхимууд Монголд ирж, бизнесийн боломжуудыг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Швейцарын Эдийн засгийн хөгжлийн агентлаг (SECO)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын гааль, хилийн хяналтын чадавхыг бэхжүүлэх: Өөр нэг сайхан мэдээ бол ЭЗХА-ийн үзүүлэх дэмжлэгийг Монгол Улсын гаалийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлэх бие даасан төсөл болгон 4 жилийн хугацаатай сунгахаар болж байна.

Монгол-Швейцар-БНХАУ-ын хоорондын Онцгой байдлын гурван талт хамтын ажиллагаа: Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Швейцарын хүмүүнлэгийн тусламжийн хамтын ажиллагааны амжилтад тулгуурлан ОБЕГ нь Монгол, Швейцар, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.

Швейцарын Цюрих хотын Риетбергийн музейд томоохон үзэсгэлэнг 2025 оны намар гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Монголын шинэ дүр төрх, түүхийг барууны иргэд, олон нийтэд толилуулах болно. Хүннү гүрнээс Монголын сүүлчийн эзэнт гүрэн хүртэл 1-14-р зуунд Евразийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголын гүйцэтгэсэн үүргийн тухай өгүүлнэ. Монголын нүүдэлчин иргэдийн орчин цагийн шинж чанар, гар урлал, оюун ухаан, шашныг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх байдлын тухай өгүүлнэ.