Өмнөх үг

Local news, 20.01.2023

Эрхэм уншигчид аа,

Та бүхэндээ “дотоод мэдээллийн хуудсынхаа ээлжит дугаараа хүргэж байгаадаа баяртай байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри
Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри ©ШХА

Юуны өмнө та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж байна. Ирж буй 2023 он танд амар амгалан, гэрэл гэгээ, аз жаргалыг, харин ажил мэргэжлийн хувьд амжилт бүтээл, арвин их туршлагыг авчирна гэж найдаж байна.

Харамсалтай нь ойрын хугацаанд үүсээд байгаа хямралуудыг бид хамтдаа даван туулах хэрэгтэй болж байна. Учир нь сүүлийн хоёр жилийн турш дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн улмаас 2022 оноос бид шинэ асуудлуудтай нүүр тулж эхлээд байгаа билээ.  Үүнээс гадна ОХУ Украин руу довтолсон мөргөлдөөний үр дагавар нь дэлхийн өнцөг булан бүрт амьжиргааны өртөг нэмэгдэхэд хүргэж улмаар Швейцар, мөн Монгол Улсад ч эдгээр хямралууд мэдрэгдэж эхлээд байна. Түүнчлэн, Монгол Улсад энэ жил онцгой хүйтэн өвөл болж байна. Ялангуяа малчдад малаа онд мэнд авч үлдэх талаар амаргүй байж ч магадгүй юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Швейцарын Женев хотноо “Үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт” амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү 2022 оны Үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үр дүнд “Тунхаглал” - баримт бичиг боловсруулагдсан билээ.  Швейцарых Холбооны Улсын хувьд ч Монголын хувьд ч чухал байж болох зарим зүйлсийг энд цухас дурдъя. Өнөөдөр бид дэлхий нийтээрээ хөгжил цэцэглэлт, хүн ам, энх тайван, эх дэлхийд сөргөөр нөлөөлөх олон хямралтай тулгарч байна. Бид дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтод хариу үйлдэл үзүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлтэд эерэгээр нөлөөлөх эрх мэдэл, хүч чадал байгаа бол хувь нэмрээ оруулах нь маш чухал болоод байна. Ийм учраас бид хүний эрх, ардчилал, үндэсний бүрэн эрхт байдлыг хүндэтгэх үндсэн дээр үйл ажиллагаагаа чиглүүлэн манлайлан оролцох нь зүйтэй юм.

2023 онд бидний зүгээс “Мэдээллийн хуудас”-аараа дамжуулан та бүхэнтэй юу хуваалцах вэ?

Манай хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүнгийн талаарх мэдээллээ нэгтгэн улирал тутам мэдээллэх болно. 2023 оны хувьд бид та бүхэнд эхлээд хөдөө аж ахуйн салбарын амжилтын түүхээсээ хуваалцаж, дараагаар нь засаглал, эдийн засаг зэрэг бусад салбарт хэрэгжиж байгаа ололт амжилтуудаасаа үргэлжлүүлж, төгсгөлд нь соёл урлагийн салбарт дүгнэсэн байдлаар мэдээллүүдээ хуваалцахаар төлөвлөж байна. Эдгээр сонгосон "цэс" буюу сэдвүүд маань та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна.

Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн ажилтнуудынхаа талаар танилцуулах булан гаргах болно.

2023 онд бид та бүхэнд хамт олныхоо тэр дундаа "жинхэнэ алт" болсон бидний ажлын хамгийн нандин шигтгээнүүдийн талаар товч танилцуулахыг хүсч байна. Миний байнга хэлдэг үг байдаг: Мөнгө бол эргэлзээгүй чухал. Гэхдээ, дан ганц мөнгөөр ​​үйл ажиллагааг тогтвортой болгож чадахгүй. Үүний тулд бидэнд хүмүүс, тэдний оюун ухаан, тууштай байдал, эх орон, ард түмнээ хайрлах сэтгэл хэрэгтэй байдаг. Монгол улс дах Швейцарын хөгжлийн агентлаг нь ажлын хамт олон, мэргэшсэн багаа дурдахгүйгээр үйл ажиллагаа, үр дүн маань төсөөлөгдөшгүй юм. Бид түнш байгууллагуудтайгаа ирээдүйгээ тогтвортой байлгахын тулд алхам алхмаар хамтдаа урагшилж байна.

Миний хувьд ШХА-ийнхаа гайхалтай, мэргэшсэн, итгэл даах хамт олноороо үргэлж бахархаж явдаг. Баг, хамт олон маань урам зоригтой, зорилгынхоо төлөө тууштай ажилладаг бөгөөд ажлаа үргэлж амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Бид нэн тэргүүнд Швейцарын баримталдаг үндсэн үнэт зүйлс болох "Хүний эрхэд суурилсан хандлага"-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэрэгжүүлж ирсэн бөгөөд бүх хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байдлыг эрхэмлэх, оролцоог хангах, хариуцлагаа ухамсарлах зэрэг хүний ​​эрхийн гол зарчмуудыг хангаж ажилладаг.

Энэхүү хамгийн эхний тусгай дугаартаа удиртгал болгон ШХА-т олон жил үр бүтээлтэй ажилласан хөтөлбөрийн ахлах ажилтан, мэргэжил нэгт эрхэм анд, хатагтай Гонгорын Байгалмаагийн түүхийг хүргэх болно. Миний хувьд Байгалмаатай ярилцлага хийх завшаан тохиосон нь азтай үйл явдал болсон. Бид нэлээн урт хугацаанд ярилцсан бөгөөд Байгалмаагийн хувьд олон сайхан туршлагаасаа хуваалцсан юм. Та нарын зарим нь түүнийг надаас илүү сайн мэдэх байх. Гэсэн хэдий ч хэдэн долоо хоногийн өмнө түүнтэй хийсэн ярилцлага маань та бүхнийг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь хэлэхэд 2023 онд намайг гал мэт төөнөн хөтөлж байгаа мөрөөдлөө та бүхэнтэй хуваалцах хүсэлтэй байна. Дэлхий даяар тогтвортой хөгжил, энх тайван, эерэг нийгмийг бүтээцгээе хэмээн хамтдаа мөрөөдөцгөөе!

Эрхэм уншигч танд сайн сайхан бүхнийг хүсье! Манай энэ удаагийн мэдээллийн хуудсыг маань таалан уншина гэдэгт найдаж байна. Энэхүү дугаарын талаарх таны сэтгэгдэл, санал хүсэлтийг хүлээн авч цаашид сайжруулан ажиллахдаа бид үргэлж баяртай байх болно.

Гүнээ хүндэтгэсэн,

Стефани Бурри

Хамтын ажиллагааны дарга