Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төсөл амжилт үр дүнгээр дүүрэн өндөрлөлөө

Local news, 28.01.2022

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам Германы GFA зөвлөх компанитай хамтран 2016 оноос Монгол Улсад Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүллээ

ЗХЭД төслийн хамт олон
ЗХЭД төслийн хамт олон ©ШХА

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Загвар төвийг аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн (ХХҮГ/Х) дэргэд 2017 оноос хойш үе шаттайгаар нээсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн хөдөлмөр эхлэлтийн газарт нийт 31 Загвар Төв ажиллаж байна. Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгсэлийг нэвтрүүлсэн юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хувиараа  хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэг ур чадвараа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг олж байгаа юм. Тус төвөөр дамжуулан ажил хайгч залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” туршилтын хөтөлбөрийг төслийн хүрээнд 2020-2021 онд нийт 10 аймаг, дүүргийн ХХҮГ/Х, ажил олгогч нартай хамтран хэрэгжүүлсэн.

Монгол Улсын гарааны бизнесийн эко-системд нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг 2016 онд боловсруулж, төслийн зорилтот 8 аймаг, 2 дүүрэгт 2016-2018 оны хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар тус хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл 2018 оны 1 дүгээр сард баталсанаар бүх аймаг, дүүрэгт амжилттай хэрэгжүүлж байна. 2021-2022 онд хэрэгжүүлэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт шилдэг старт-ап залуучуудад эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Залуучуудад ажлын дадал, туршлага эзэмшүүлэх “Интерншип” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэмж тусгасан.

Төсөл хэдийгээр энэ онд дуусаж байгаа хэдий ч үргэлжлэн хэрэгжих боломжтой юм. Учир нь ХНХЯ-ны зүгээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дээрх арга хэмжээнүүд бүрэн орж,  төслийн байгуулсан загвар төвүүд Засгийн газрын хэрэгжүүлэгч албадуудын бүтцэнд багтаж байгаа тул бүх арга хэмжээ нь аймаг дүүргүүдийн ХХҮГ/хэлтсүүд өдөр тутмын ажлын нэгэн адил хэрэгжээд явна. 

Дэлгэрэнгүй  Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яамны сайтаас