ШХА-ийн даргын мэндчилгээ

Local news, 24.01.2022

Эрхэм хүндэт уншигчдаа,

Миний бие энэхүү мэндчилгээг бичиж байхад аль хэдийн 2022 он гарчээ. Та бүхнийг шинэ оноо урам зоригтой эхлүүлсэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэлтэй байна. Монгол Улсын COVID-19 цар тахлын талаарх хамгийн сүүлийн үеийн статистик мэдээ нь ойрын саруудад буцаж сэргэх найдвар, итгэлийг бидэнд өгч байна

ШХА-ийн дарга Стефани Бурри
ШХА-ийн дарга Стефани Бурри ©ШХА

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд хүүхдийн талаар тухайлбал, хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг тэргүүлэх зорилтынхоо төвд нь тавьжээ. Швейцарын Холбооны Улс хүний ​​эрх, ялангуяа дэлхийн хэмжээнд хүүхдийн эрхийг маш чухалчилж үздэг. Энэ асуудал ч миний зүрх сэтгэлд ойр байдаг. Швейцарын хөгжлийн агентлаг нь Монгол Улсад олон салбарт амжилттай хэрэгжүүлж байгаа төслүүдээрээ дамжуулан хүний ​​эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Хүн бүр тэгш эрхтэй ба бид хэнийг ч орхих ёсгүй юм.

Швейцарын Холбооны Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай анхаарч ажиллаж байна: " COVID-19 цар тахал нь улс орнууд, ард иргэдэд өөр өөр хэлбэрээр нөлөөлж байгаа ч цар тахлын онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд тусгагдсан тогтвортой хөгжлийн зорилтуудын “Хэнийг ч орхихгүй байх” зарчимд онцгойлон ач холбогдол өгч байна. (2017 оны Тогтвортой хөгжлийн тайланг үзнэ үү.)

2022 оны анхны мэдээллийн хуудаснаас та бүхэн бидний хэрэгжүүлж буй төслүүдийн талаар тэр дундаа хүний ​​эрхтэй холбоотой мэдээллүүдийг авах болно.

Миний хувьд зөвхөн хоёр төслийн үйл ажиллагааг энд онцолж байна. Юуны өмнө Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хэрэгжилтэд гарсан ололт амжилтад та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Энэхүү төслийн хэрэгжилтийн явцад хүүхдүүдийн эсрэг чиглэсэн шударга бус явдлыг даван туулж сурсан, шууд дэмжлэг авч байгаа хүүхдүүдэд гарч байгаа эерэг нөлөөллүүд үр дүнд хүрч байгааг мэдэх болно. Харин өөр нэг төслийн мэдээлэл нь эмзэг бүлгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд юу хэрэгтэй байгааг бидэнд хэлж өгөх юм. Эдгээр мэдээллүүд нь та бүхэнд төслийн үйл ажиллагааны талаар тодорхой ойлголтыг өгч, төслийн үр шимийг хүртэж буй хүмүүс хэрхэн өөрчлөгдөж, чадавхжиж байгааг харж болно.

Хүний эрх гэж яг юуг хэлээд байна вэ? Энэ нь зөвхөн бие махбодийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг хэлээд байна уу? Үгүй ээ, үүнд Швейцар, Монгол болон бусад 150 гаруй орны хэрэгжүүлэхээр амласан тогтвортой хөгжлийн 17 зорилт, зорилтуудад бүгд багтсан. Сайн чанартай, хангалттай, хүрэлцээтэй хоол хүнс, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ, сургалт, боловсрол эзэмших боломжууд нь бүгд хүн бүрийн эдлэх үндсэн эрх юм. Хүний эрхийн хүрээнд өв соёлоо авч үлдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн тээврийн аюулгүй байдлыг хангах, агаарын бохирдлоос хамгаалах гэх мэт олон зүйлийг нэмж дурдаж болно.

Хэдэн долоо хоногийн өмнө би Монголын өмнөд бүсийн аймгууд болох Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговьд хэрэгжиж буй төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа Монголын үзэсгэлэнт газар нутаг, байгалийн  өвөрмөц тогтоцыг үнэхээр биширлээ. Өргөн уудам тал нутаг, уул ус, хааяа нэг харагдах малчин айлууд, мал сүргийг харах нь үлгэрийн мэт санагдсан. Энэ аяллын үеэр надад хамгийн их таалагдсан зүйлсийг нэг бол Монголын нүүдэлчдийн соёлтой холбоотой өвөрмөц, дахин давтагдашгүй дуу хөгжим, бүжиг байлаа. Мөн урлагийн үзүүлбэрүүд нь бодит байдал, амьдрал дээр тулгуурлаж гарсан нь сонирхолтой байсан. Эдгээр нь миний хувьд мартагдашгүй, нандигнан дурсах сайхан мөчүүд болж үлдсэн.

Бид хүмүүсийн хэрэгцээг хэзээ ч үл ойшоож болохгүй, харин сайн сонсогч байж чин сэтгэлээсээ туслах хэрэгтэй. Бие биенээсээ суралцснаар, хамтдаа аливаа асуудлын шийдлийг олох боломжтой юм. Хамтдаа илүү сайн хөгжихийн тулд өөрсдийн туршлагаа хуваалцаж, та бүхнээс харилцан суралцах үүднээс энэхүү дугаараа толилуулж байна. Иймд манай мэдээллийг уншин бидэнд өөрсдийн санал, зөвлөмжийг ирүүлэхийг хүсэж байна.

Та бүхэнд дахин шинэ оны мэнд хүргэе!

Баярлалаа.

 

Стефани Бурри,

Хамтын ажиллагааны дарга