Хүүхэд хамгааллын тогтолцоонд илүү анхаарал хандуулах шаардлагатай байна

Local news, 25.01.2022

2016 онд хууль эрх зүйн шинэтгэл хийсний дараа хүүхэд хамгааллын тогтолцоонд олон шинэлэг үйлчилгээ, шинэ хамтрагч талууд, хамтын ажиллагаа бий болж, өргөжин тэлснээр зогсохгүй үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоо сайжирч бэхжсэн.

"Би амлая" кампанит ажил
"Би амлая" кампанит ажил ©Дэлхийн Зөн

Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эрх зүйн бичиг баримт, тогтоол, стандартыг соёрхон баталсан. Холбогдох дүрэм, журмыг боловсруулж, шат дараатай сайжруулж байгаа хэдий ч хүүхэд хамгааллын тогтолцоонд тулгарсан олон бэрхшээл байсаар байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний шинэ механизм бий болсон ч энэ чиглэлээр ажиллах орон тоо, хүн хүчний асуудлыг орхигдуулсан юм. Ингэснээр одоо ажиллаж байгаа төрийн байгууллагын ажилтнуудад нэмэлт үүрэг, хариуцлагыг олгосон байна. Гэхдээ ажлын байрны тодорхойлолтод нэмж оруулсан үүрэг, хариуцлага, хийх ажил нь тодорхой биш, ойлгомжгүй, нэмж оруулсан үүрэг хариуцлагад нь нөхөн урамшуулал байхгүй, харин хязгаарлагдмал нэмэлт санхүүжилт, чадавх бэхжүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэсэн зүйл оржээ. Хүүхэд хамгааллын төсөв бүх шатандаа, нэн ялангуяа анхан шатны түвшинд хангалтгүй хэвээр байсаар байна. (Эх сурвалж: Хүүхэд хамгааллын зураглалын судалгаа 2021)

Үүний үр дүнд хүүхэд хамгааллын зөрчил, тухайлбал үл хайхрах, бие махбодийн шийтгэл, үе тэнгийн хүүхдүүдийн бие биенээ дээрэлхэх, мөлжлөгт өртөх гэх мэт тулгамдсан асуудал хэвээр байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байгаагаас тусгай хэрэгцээтэй, үндэсний цөөнхийн, хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүд, болон шилжиж ирж байгаа, хөдөлмөр эрхэлж буй, хүний ​​наймааны хохирогч болон гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хүүхэд хамгаалал, үйлчилгээний талаар мэдээлэл авахад хүндрэлтэй хэвээр байсаар байна.

COVID-19 цар тахал нь Монгол Улсын хүүхдийн эмзэг байдал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг улам нэмэгдүүлж байна. Бидний ажиглалтаар маш олон - хэтэрхий олон хүүхдэд хамгаалалт хэрэгтэй болж, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд ирж байгаа хүүхдийн тоо нэмэгдсээр байна. Түүнчлэн цар тахлын үеэр зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд хүүхэд бэртэж, амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн талаар мэдээлэл байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн зөрчилдөөн нэмэгдэж, эцэг эхийн хараа хяналт багасч, нийгэм эдийн засгийн хүндрэл, тэр дундаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж байгаа нь нөлөөлж байна гэж үзэж байна. Мөн COVID-19 цар тахлын үед хүүхэд хамгааллын талаарх үндэсний бодлого, чадавх, үйлчилгээ, хамтын ажиллагаа нь дутагдалтай байгааг ил тодоор харуулж байна.

Иймд Швейцарын хөгжлийн агентлаг Монгол дахь Европын Холбоотой хамтран “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийг дэмжин, санхүүжүүлсэн. Уг төслийг Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжүүлэгчид төрийн болон хүүхэдтэй ажилладаг бусад төрийн бус байгууллагуудтай маш амжилттай хамтын ажиллагааны түншлэлийг бий болгож ажиллаж чадсан байна. Хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд бүх оролцогч талуудын дунд илүү сайн, хүчирхэг сүлжээг бий болгож, үр бүтээлтэй харилцаа, ялангуяа Монгол дахь иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай хамтран ажиллах нь чухал юм.

Бэлгийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн статистик мэдээгээр 2020 онд 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Жилд дунджаар 400-500 хүчингийн хэрэг үйлдэгдэж байгаагийн 50-60 хувь нь бэртэл гэмтэлтэй хүүхдүүд өртөж байна (Цагдаагийн ерөнхий газар, 2020 он).

Иймд Дэлхийн Зөн Монгол ОУБ нь иргэний нийгмийн байгууллагуудтай  хамтран хүүхдээ бэлгийн хүчирхийллээс хамгаалах эцэг эх, насанд хүрэгчдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Би амлаж байна” нэртэй цахим кампанит аяныг эхлүүлсэн. Энэхүү аян нь эцэг эхчүүдэд аюулгүй, аюултай гар хүрэх, осол гарсан үед хэрхэн хариу арга хэмжээ авах, тусламж хүсэх аргуудын талаар мэдлэг олгох замаар хүүхдэдээ илүү анхаарал, халамж тавихыг уриалсан юм.

Мөн COVID-19-ийн цар тахлын үед хурдан хариу арга хэмжээ авахын тулд төсөл нь эмзэг бүлгийн хүүхэд, өрхүүдэд үндсэн хэрэгцээт зүйлсийн багцыг олгож, дэмжлэг үзүүлсэн. Энэ ажлын хүрээнд эмзэг бүлгийн 250 өрх, 500 гаруй хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн, сургалтын материал, эрүүл ахуйн хэрэглээний багцыг тарааж, эрсдэлт бүлгийн 10 хүүхдэд хүрч ажилласан. Нийтдээ, энэхүү тусламжийн үйл ажиллагаа нь 1300 гаруй эмзэг бүлгийн хүнд шууд хүрсэн байна. COVID-19-ийн цар тахлын хариу арга хэмжээг хурдан, үр дүнтэй, эмзэг бүлгийн олон хүнийг бүгдийг хамруулж хэрэгжүүлэхийн тулд орон нутгийн болон дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой байсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://www.facebook.com/bi.amlay