Сарлагийн хөөвөр болон торомны ноосны зах зээлд өрсөлдөх боломж

Local news, 15.06.2017

Дэлхийн зах зээл дэх хэрэглэгчид нь эргэн мөшгөх боломжтой, тогтвортой замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү сонирхох болсон. Монгол Улс нь энэхүү боломжийг ашиглан сарлагийн хөөвөр, тэмээний ноосны өвөрмөц, өндөр чанарын нарийн ширхэгтүүдээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтой. Ингэснээр Монголын нүүдэлчин амьдралын хэв маягийг хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар хадгалж үлдэх боломжтой болох юм.

People standing around and petting a yak.
Сарлагийн хөөврийг самнаснаар нэмүү өртгийг нэмэгдүүлэх боломжтой.

Сарлагийн хөөвөр болон торомны ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартайн дээр ямаатай харьцуулахад сарлаг болон тэмээ нь бэлчээрт сөрөг нөлөө харьцангуй бага үзүүлэх тул эдгээр амьтдын ширхэгтийг хүрээлэн буй орчинд ээлтэй гэж үздэг. “Баялаг Өлзий”, “Жинст Мөрөн”, “Уужин” зэрэг дотоодын боловсруулах үйлдвэрүүд нь сарлагийн хөөвөр болон торомны ноосон бүтээгдэхүүнийг брэнд болгох зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн ба бэлчээрийг тогтвортой байдлаар ашиглаж буй малчдын бүлэг болох Бэлчээр ашиглагчдын хэсгүүд (БАХ)-ээс түүхий эдээ нийлүүлж байна.

Тухайн БАХ-үүд нь орон нутгийн эрх баригч байгууллагуудтайгаа бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, түүнийгээ мөрдөж байна. Английн “Тэнгри” брэнд ч түүхий эдээ эдгээр бэлчээр ашиглагчдын хэсгээс нийлүүлдэг бөгөөд “Тэнгри брэндийн бүтээгдэхүүнийг баруун Монголын алс хязгаарт орших Хангайн уулст амьдардаг, ховор угшлын сарлагийн 100 хувь байгалийн гаралтай, будаггүй, тансаг хөөврөн утсаар хийсэн” хэмээн сурталчлан худалдаалж байна.

Энэ чиг хандлагыг орлогоо нэмэгдүүлэх боломж гэж харж буй Монголын сарлаг, тэмээ маллаж буй малчид нь сайн чанарын сарлагийн хөөвөр болон торомны ноосоо хяргаж биш, самнаж бэлтгэх замаар нийлүүлж эхэллээ. Түүнчлэн ширхэгтийг өнгө болон нарийнлаг чанараар нь ангилж сураад байна.

Энэ талаар Баялаг Өлзий ХХК-ийн Бодио брэндийг үндэслэгч Ж.Өлзийбодьжав хэлэхдээ: “Энэ дадлыг малчдын дунд нэвтрүүлсэн нь бидний зүгээс сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ихээхэн тус болж байна. Түүхий эдийн чанар сайжирснаар үйлдвэрлэлийн зардал буурахад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл малчдын хоршоодоос нийлүүлж буй түүхий эд нь тоос шороо багатай ирэх болсон нь үйлдвэрийн үйл явцыг хялбар болгосон” гэв.

ШХА-ийн Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл нь БАХ-үүдээс нийлүүлсэн түүхий эдийг цахим санд бүртгэж, оруулж эхэллээ. Энэ нь цоо шинэ зүйл биш гэдгийг төслийнхөн хэлж байна. Түүхий эд ханган нийлүүлэх, ангилан ялгах, хаягжуулах уламжлалт тогтолцоог Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж явцад устаж үгүй болсон байсныг малчид болон хоршоодод эргэн нэвтрүүлж буй үйл явц юм. БАХ-үүд болон хоршоод нь нийлүүлж буй түүхий эдийнхээ гарал үүсэл, хэмжээ, чанарын талаарх мэдээллийг бүртгэлд оруулснаар түүхий эд худалдан авагчдад чанарын баталгаа олгох ба гарал үүслийн эргэн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэх суурь болно. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд нь худалдан авч буй түүхий эдийнхээ гарал үүслийг эргэн мөшгөх боломжтой болох юм. Хэрэв худалдан авсан түүхий эдийнх нь чанар стандартад нийцэхгүй аваас үйлдвэрлэгчид нь тухайн түүхий эд аль аймгийн аль сумаас нийлүүлсэн болохыг тогтоож, улмаар нийлүүлж буй түүхий эдийнхээ чанарыг сайжруулах арга хэмжээ авахыг нийлүүлэгч хоршоодоос шаардах боломжтой болох юм. Түүнчлэн, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ нь тогтвортой, ил тод, найдвартай бөгөөд бэлтгэсэн түүхий эд нь хүрээлэн буй орчинд ээлтэй гэх баталгааг олгох, улмаар үйлдвэрлэгчдийн гадаад зах зээл дэх маркетингийн стратеги сайжрах нөхцөл бүрдэнэ.

Бэлчээр ашиглагчдын хэсгүүд болон хоршоод нь энэ жил үндэсний үйлдвэрүүдэд гэрээний дагуу 90 тонн сарлагийн хөөвөр, 236 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлэхийг зорьж байгаа ба энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 50-70 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Архангай аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Жамбалдорж энэ жил сарлагийн нөөц бүхий сумдын малчдад түүхий эд бэлтгэх талаарх сургалтыг удирдан явуулжээ. Тэрээр “Анх удаа бид Монголын бүх сумын малчдыг сарлаг самнах сургалтанд хамрууллаа. Олон зуун малчин сарлагаа самнахгүйгээр хөөврөө салхинд хийсгэдэг байсан бол өнөөдөр малчид хоршооддоо сарлагийн самнасан хөөврийг тушаах болсон. Ингэснээр малчид орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх боллоо. Энэ нь үйлдвэрлэгчдийн хувьд сарлагийн хөөврийг ахиу хэмжээгээр худалдан авах боломжийг олгосон бол малчид болон хоршоодын хувьд илүү их ашиг хүртэх боломжийг олгож байна” гэв.

Энэ жил үндэсний үйлдвэрлэгчид нэг килограмм сарлагийн хөөвөр болон самнасан торомны ноосонд 8,000-10,000 төгрөг төлөхөөр тохирсон ба Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-оор дамжуулан малчдад урьдчилгаа төлбөр олгосон. Өнөөдрийн байдлаар Ногоон алт – Малын эрүүл мэнд төсөл нь МБАНХ-тай хамтарч 10 аймгийн 61 сумын нийт 2100 гаруй малчинд сарлаг, тором самнах сургалт хийгээд байна.