Монгол Улсын Ерөнхийлөгч ШХА-ийн Хамтын ажиллагааны захирлыг хүлээн авч уулзлаа

Local news, 31.05.2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриелла Спирлиг 2017 оны тавдугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзлаа.

МУ-ын Ерөнхийлөгч ШХА-ийн Хамтын ажиллагаан захирал Г. Спирлийг хүлээн авч уулзлаа.

Швейцарийн хөгжлийн агентлаг нь Засаглалыг сайжруулах, Иргэдийн оролцоог дэмжих зэрэг төслүүдийн хүрээнд Монгол Улсад сайн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирснийг Хатагтай Спирли онцлов.

Тэрээр мөн 2018 оноос 2021 хүртэлх Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол Улсад хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийг боловсруулж буй талаар дурдлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХА-ийн хамтын ажиллагаа, түүний дотор Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлээд, цаашид Монголын ардчилал, сайн засаглалыг дэмжихийн зэрэгцээ ногоон эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шинэ технологийн хөгжлийг нэвтрүүлэх явдлыг дэмжин ажиллах талаар саналаа илэрхийлэв. Тэрээр мөн Монгол Улсын туршлагыг бүс нутгийн хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд ШХА нь МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлага, Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагын доор иргэдийн оролцоог хангах хууль эрхзүйн орчныг бэхжүүлэхэд чиглэсэн ‘Иргэдийн оролцоо’ төслийг хэрэгжүүлсэн.

Энэхүү төсөл нь Швейцарийн Ардчилал судлалын төвийн техник туслалцаатайгаар иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхийг хангахад чухал ач холбогдолтой оролцооны шинэ арга механизмыг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон юм.  Төсөл нь төрийн үйл хэрэгт иргэд оролцох одоогийн боломж, бололцооны талаар иргэдийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, төрийн албан хаагчдын зүгээс иргэдийн оролцоог ханган ажиллахтай холбоотой  чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарсан.

Түүнчлэн, иргэдийн оролцоог зохицуулсан хууль, эрх зүйн актын суурь судалгаа хийж, иргэдийн бодит оролцоог хангахад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлсон юм. Хуулийн заалтууд агуулгын хувьд хэт ерөнхий, давхардсан, зөрчилдсөн эсхүл хэрэгжүүлэх механизм нь сул байгаагийн зэрэгцээ төр засгийн тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн дунд иргэдийн оролцооны механизмыг хэрэгжүүлэх мэдлэг туршлага хомс тул хэрэгжилтийг улам төвөгтэй болгож байна гэж дүгнэжээ.

Иргэдийн оролцоог хангах чиглэлээр өнөөгийн бодит боломжийн хүрээнд хэрэгжилтийг нь сайжруулах, иргэдийн болон төрийн албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх, төр засгийн удирдлага нь иргэдийнхээ хэрэгцээ, хүсэлтийг шийдвэрлэдэг, иргэд нь өөрсдийн сайн сайхан амьдрал, орон нутгийнхаа хөгжлийн төлөө шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцдог болох боломжийг нэмэгдүүлэх талаар төсөл цаашид анхааран ажиллана. Иргэдийн оролцоо төсөл нь 2018 оныг дуустал үргэлжлэхээр боллоо.