Сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулна

Press releases, 06.10.2016

Улаанбаатар хот, 10.06.2016 – НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарийн хөгжлийн агентлаг Улаанбаатар хотын гэр хорооллын цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргах, үндэсний болон орон нутгийн удирдлагуудад үр дүнтэй төлөвлөлт, шийдвэр гаргахад нь хамтран дэмжих тухай гэрээнд гарын үсэг зурав.

wash-mongolia
НҮБ-ийн Хүүхдийн сангаас санал болгож буй энэхүү хуучин контейнерийг засаж байгуулсан ариун цэврийн байгууламж нь дотроо халаалттай, мөн суултуур, угаагуур болон шүршүүртэй бөгөөд гар угаахад шаардлага хангасан цэвэр устай.

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааны тэргүүлэх зориултуудын нэг нь ус, ариун цэвэр, эрүүл ахуй юм. Өнгөрсөн онд тус сангаас “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах норм, шаардлага”-г боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлж, тус баримт бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам болон Сангийн яам хамтран баталсан билээ.

Ийнхүү үндэсний стандарт гаргахад дэмжлэг үзүүлэхээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас энгийн ачааны чингэлэг ашиглан сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд тохирсон ус, ариун цэврийн байгууламжийг барьж байгуулаад байна.

Монгол Улсын дийлэнх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг 1960-1990 оны хооронд баригдаж байсан бөгөөд тухайн үед ус, ариун цэврийн байгууламжийг шийдэлгүй орхигдуулж ирсэн. 2007 оны судалгаагаар нэг сурагч, дотуур байранд байдаг эсэхээс үл хамааран өдөрт дунджаар ердөө 2,3 литр ус ахуйн хэрэгцээндээ хэрэглэдэг гэж гарчээ. Үүнд гэхдээ усанд орох ус багтахгүй.

Цаашлаад, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн дөнгөж 21.7 хувь нь дотроо бие засах өрөөтэй байдаг бол үлдсэн 78.3 хувьд нь хүүхдүүд ариун цэврийн шаардлага хангаагүй гадаа жорлон хэрэглэдэг. Үүний дүнд Монголын эмзэг бүлгийн өрхүүд ус, ариун цэврийн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрч, улмаар хүүхдүүд энэ байдлаас хамгийн ихээр хохирч байна.

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаас сургууль, цэцэрлэгийн ус, ариун цэврийн үйлчилгээг илүү сайн хүргэхийн тулд төлөвлөлт, төсөвлөлт хийхэд шаардлагатай судалгаа, баримт нотолгоо гаргахад нь Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг санал болгож, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газартай хамтран ажиллана.

Ингэхдээ эхний ээлжинд Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжин ажиллана.

“Ариун цэвэр, эрүүл ахуй бол хүүхдийн эсэн мэнд төрөх, эрүүл саруул өсч бойжих, амьдрахад нэн чухал юм. Бохир ус хэрэглэх, ариун цэврийн шаардлага хангаагүй газар бие засах зэрэг нь хүүхдийн хичээл дээрээ сурах чадварт сөргөөр нөлөөлдөг. Монгол Улсын Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн хэрэглээний ус, ариун цэврийн байдлыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаад баяртай байна. Одоо бид Швейцарийн хөгжлийн агентлагтай хүчин чармайлтаа нэгтгэн, хүүхэд бүр ундны цэвэр устай, шаардлага хангасан бие засах газартай болгохын төлөө хамтран ажиллах болно” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.

“Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Швейцарийн хөгжлийн агентлаг нь сургууль, цэцэрлэгийн хэрэглээний усан хангамж, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламж дутагдалтай байгааг судалгаа, тоо баримтаар харуулахыг зорьж байна. Төсөл нь ингэснээр Монгол улсад усны засаглалыг сайжруулахад хувь нэмрээ оруулна. Ингэхдээ, ялангуяа эрүүл ахуйн хувьд сэтгэл түгшээсэн хүнд нөхцөлд байгаа Улаанбаатар хотын гэр хороолол дахь зарим сургуулиудад сайн туршлагыг жишиг байдлаар нэвтрүүлж, цаашид түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Габриелла Спирли хэллээ.