Соёл урлагийг дэмжих тєсєл

Монгол Улс социалист тогтолцооны үед иргэн бүрийг эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулахыг уриалж, үндэстний онцлогийг хадгалан өвлүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэхэд соёл урлагийн олон төрлийг ашигладаг байсан. Бүх аймаг, сумын төв, түүгээр ч зогсохгүй баг бүрт соёл гэгээрлийн төвүүд байгуулагдсанаар иргэд урлагийн тоглолт үзэж сонирхож, урлагийг үнэлэх үнэлэмж өндөр байсан.  Тухайн үед урлаг соёлын байгууллагуудыг хөхүүлэн дэмжиж, урлагийн олон бүтээлүүд тайзнаа амилж байв. Ингэхдээ социалист нийгмийн үнэт зүйл болох тэгш эрх, нийгмийн бүтээн байгуулалтад хүн бүрийн идэвх оролцоо, эх орныхоо төлөөх баатарлаг үйлс, үнэнч хайр сэтгэл, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд соёл урлаг гол зэмсэг нь болж байлаа.

1990 онд Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжих явцад бий болсон эдийн засгийн хямрал урлагийн салбарыг тойрсонгүй. Соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудад өгөгддөг улсын төсөв эрс багассанаас соёл урлагийн үйл ажиллагаа нэг хэсэг уналтанд орсон билээ. Ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврууд хуучны үнэ зүйлсийг алдагдуулж, хүмүүсийн өөртөө итгэх итгэл зориг нь мохож, ялангуяа улс орныхоо хөгжлийг авч явах залуучууд өөрийнхөө үнэ цэнийг үл мэдэрч, ирээдүйд итгэх итгэл нь алдарсан байлаа. 

Монголчууд үндэсний бахархал болох Чингис хаанаа гарамгай байлдан дагуулагч гэхээс илүү шударга ёс, ёс зүйт төр, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын үнэт зүйлсийг дэлгэрүүлсэн аугаа удирдагч хэмээн үзэх болсон нь сүүлийн үед гарсан урлагийн бүтээлүүдээс илт харагдана. Өнөө үед соёл урлагийн салбарыг дахин сэргээж, урлаг соёлын гайхамшигт увьдас, шинэлэг бүтээлч сэтгэлгээгээр ард түмнийг соён гэгээрүүлэх, хөгжил дэвшилд уриалан дуудах санаачилга бүхий урлагийн байгууллага, төрийн бус урлагийн байгууллагууд, уран бүтээлчид олноороо гарч ирж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, Монголын урлагийн зөвлөл, Улсын драмын эрдмийн теарт, Улсын дуурь бүжгийн театр болон урлагийн хамтлагууд, бие даасан уран бүтээлчид соёл урлагийг хөгжүүлэх, төрөл жанарыг нэмэгдүүлэхэд өөр өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Язгуур урлагийг сэргээх, залуу хойч үед өвлүүлэн, хөгжүүлэх болон залуу үеийнхний урлагийн бүтээлтэй танилцах боломжийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэх, урлагаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болгох талаар Монгол Улсын Хөгжлийн бодлогод онцгойлон тусгагдсан байдаг. Швейцарын хөгжлийн агентлаг ч энэ бодлогыг сайшаан дэмжиж, соёлын байгууллага, уран бүтээлчдийг дэмжин, соёлын салбарт дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:

  • Монгол, Швейцар улсын соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх
  •  Бүтээлч сэтгэлтэй, шинэлэг бөгөөд чанартай урлагийн бүтээлийг туурвих
  • Олон улсын чанартай урлаг соёлын арга хэмжээнд Монголын уран бүтээлчдийг оролцуулах, туршлага судлах
  • Монголын язгуур урлаг, ардын дуу хөгжим, соёл урлагийн үндэсний баялаг өв уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх
  • Монголын орчин үеийн урлаг, дуу хөгжмийг туурвих, тоглох, ойлгох, үнэлэх чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Соёл урлагийг дэмжих төслийн эхний шатанд сонгомол, ардын болон орчин үеийн хөгжмийн жанараар Хөгжим бүжгийн сургууль, Улсын драмын эрдмийн театр, Монголын урлагийн зөвлөл болон Швейцарийн мэргэжлийн жүжигчдийн хүрээлэнтэй хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал, Швейцар Монголын мэргэжлийн жүжигчид хамтран “Ромео Жүльетагийн тосгонд” жүжгийг Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт аялан тоглож, олны хүртээл болгосон. Урлагийн авъяастан хүүхдүүдэд бүжгийн урлагт суралцах, гэрэл зургаар өөрийнхөө хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгосон төслүүдийг хэрэгжүүлсэн.

Хэрэгжүүлсэн төсөл:

1. Швейцарын соёл мэдээллийн төвөөс зохион байгуулсан “Өсвөр насныханд дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн боловсрол олгох сургалт” төсөл

2. Говь-Алтай аймгийн Алтай чуулгын “Аргагүй амраг” хөгжимт жүжгийг туурвих

3. Монголын урлагийн ажилтны холбоо “Үндэсний язгуур урлагийг залуу үеийнхэнд өвлүүлэн хөгжүүлэх сургалт” төсөл

4. Чулуун сан Швейцар уран бүтээлчидтэй хамтран Монголын хөгжимчдэд сонгодог концертыг бүтээх, орчин үеийн хөгжмийг туурвих, тоглох ур чадварыг  дээшлүүлэх мастер сургалт

5. “Урлагийн өнгө” телевизийн цуврал нэвтрүүлэг

6. Улсын драмын театрын “Харц хатан” дуулалт жүжиг