2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны аравдугар сарын 30-ыг хүртэл үргэлжлэх энэхүү туршилтын зээлийг эхний ээлжинд Ховд аймгийн Чандмань сумын малчдад олгох юм. Тэнд бэлчээрийн төлөв байдал нь эрүүл, эрүүлжиж байгаа, бэлчээр ашиглалтын гэрээтэй, малаа чанаржуулан цөөлж, бэлчээрийн даацдаа тохируулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа 100 гаруй малчин өрх энэ төсөлд хамрагдах юм байна.
“Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоогоор 97 малчин өрхөд 500 сая төгрөгийн зээл олгожээ. Нэг өрх дунджаар 3-6 сая төгрөгийн зээл авч байгаа аж. Зээлд хамрагдахдаа малчид бэлчээрээ сайжруулах хариуцлагын гэрээ байгуулах учиртай. Гэрээгээ биелүүлэхгүй бол сарын 1 хувь байсан зээлийн хүү нь 2,7 хувь болж нэмэгдэх юм байна. ХасБанк зээлийн хэрэгжилтэнд улирал бүр хяналт мониторинг хийж ажиллахаар болоод буй.
Төсөл амжилттай хэрэгжсэнээр, бэлчээрээ сайжруулахын зэрэгцээ малаас гарах түүхий эдийн чанар болоод өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй илүү олон малчдад санхүүгийн хөшүүрэг болох аж. Мөн малчдыг илүү хариуцлагатай байх сэдлийг төрүүлэх том алхам юм.