Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв нь сайжруулсан төрийн үйлчилгээ үзүүлэхэд нь хувь нэмрээ оруулсаар байна

Article, 21.10.2022

“Хотын засаглал” төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн Засаглал ба төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн гурван төслийн нэг бөгөөд иргэдийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг чадвартай, ардчилсан, хариуцлагатай орон нутгийн засаглалыг дэмжих зорилготой юм.

ХНТ-ын сургагч багш Т. Батзаяа
ХНТ-ын сургагч багш Т. Батзаяа ©Азийн сан

Уг төслийг 2015 оноос ШХА-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байна.

“Хотын засаглал” төслийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг нь нийслэлийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор 2018 онд Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийг байгуулсан явдал юм.

Улаанбаатар хот 1.5 сая оршин суугчиддаа чанартай, хурдан шуурхай, тэгш хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэхэд хурдацтай хотжилтын олон сорилтыг даван туулж, хичээн ажиллаж байна. Энэхүү үйлчилгээг үзүүлэхийн тулд иргэн рүү чиглэсэн,  мэргэжлийн төрийн албыг хөгжүүлэх шаардлага хотын захиргааны байгууллагуудад нэн тэргүүнд тавигдаж байна.

Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдахаас өмнө НЗДТГ нь өөрийн чадавхыг бэхжүүлэх сайн тогтолцоогүй байсан. Тухайн үед 4400 орчим төрийн албан хаагчдын 4 орчим хувь нь сургалтын байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагуудаас санал болгож буй сургалтад хамрагдсан байна. Харин тус төв байгуулагдснаар төрийн албан хаагчдын энэ байдал өөрчлөгдөн холбогдох хэрэгцээт сургалтуудыг системтэйгээр зохион байгуулж Улаанбаатар хотын төрийн албан хаагчдын талархлыг хүлээсээр байна.

Тэрбишийн Батзаяа нь Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш нарын нэг бөгөөд бусад багш нараасаа харилцан суралцаж хамтдаа сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө боловсруулан багаар амжилттай ажиллаж байна. Батзаяа багш болох хүсэлдээ хөтлөгдөн их сургуулиа инженер багш мэргэжлээр төгссөнийхөө дараа бусдад зааж сургахын төлөө бүхнээ зориулан яваа жирийн эмэгтэй билээ.

Батзаяа нь 2018 оноос хойш нь Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвд ажиллаж байна. Тэрээр ажлын гараагаа их сургуулийн оюутнуудад компьютерийн программыг хэрхэн зөв ашиглахыг зааж эхэлсэн бөгөөд бусдад зааж сургах нь түүний хувьд үнэхээр чухал юм. Тэрээр Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр гол зорилгыг нь хараад төрд үйлчлэх, бусдад зааж сургах өөрийн хүсэл мөрөөдөлд нь яг тохирсон ажил байна хэмээн бодож байжээ.

Тэрээр Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвд ажилд орсныхоо дараа ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх онлайн сургалтын хөтөлбөр боловсруулахдаа сургалтын гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр олон төслүүдтэй хамтран ажилласан. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд онлайнаар семинар зохион байгуулах боломж олдсон. Тэрээр урьд өмнө хэзээ ч зааж байгаагүй ангидаа хичээл заахад хэцүү байх гэж бодон өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байв. Учир нь  хүмүүсийн ажилд тустай байж болох онлайн нөөцийг хэрхэн ашиглахыг заахаас илүүтэйгээр өмнө нь компьютерийн программчлал тэр дундаа Microsoft Excel-ийг хэрхэн ашиглахыг хүмүүст зааж өгч байжээ.

Батзаяа семинарынхаа талаар "Бид төрийн албан хаагчдад үзэг цаас гэхээсээ илүү Google Forms ашиглан хэрхэн судалгаа хийхийг зааж байгаа. Би одоохондоо юу ч зааж эхлээгүй байгаа, мөн ийм хичээл заахад надад өөрт минь сургалт хэрэгтэй гэж бодож байсан учраас бага зэрэг сандарч байсан. Гэсэн хэдий ч, семинар дууссаны дараа сургагч багш нар хэр сайн хичээлээ зааж, ойлгуулсан талаар суралцагчдаас санал асуулга авахад би 5-аас 4.6 оноо авсан байсан. Би хүмүүст ийм хичээл заах чадвартай юм байна гэсэн өөртөө итгэл төрж, үнэхээр баярласан. Би бусад сургагч багш нартаа үнэхээр их баярлаж байна. Тэд намайг энэ сургалтыг амжилттай зохион байгуулахад маш сайн бэлдэж өгсөн”.

Батзаяа Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвд ажилд орохоосоо өмнө ганцаараа бие даан сургалтын хөтөлбөр боловсруулдаг байсан бол энэ төвд ажилласнаар бусад хүмүүстэй багаар ажиллаж, сургалтын хөтөлбөрөө сайжруулах шаардлагатай болсон ба семинарт оролцогчид сонсож, бичихээс илүүтэйгээр хамтран ажиллах нь түүнд өмнө нь мэдэрч байгаагүй багаар ажиллахын үнэ цэнийг ойлгоход тусалсан юм. "Багаар ажиллах нь ямар үнэ цэнэтэй чухал юм бэ гэдгийг би энд ажиллаад ойлгосон. Өмнө нь оюутнуудад хичээл зааж байхдаа тэднийг багаар ажиллуулахаасаа илүүтэйгээр нэг сурагчтай шууд ажиллах нь илүү сайн юм шиг санагддаг байсан нь буруу арга барил байжээ."

2019 оноос хойш Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвд 10,000 гаруй төрийн албан хаагчдыг сургаж, сургалтад хамрагдсан хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын ур чадвар сайжирсан талаар тогтмол эргэж мэдээлдэг. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв нь 30 орчим төрлийн сургалт зохион байгуулж байна. Уламжлалт танхимын лекцээс гадна үе тэнгийнхний сургалт, ажлын байран дээрх сургалт, зөвлөх хөтөлбөр, онлайн хичээл зэргийг багтаасан сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл нь чадавхыг бэхжүүлэх иж бүрэн аргачлалыг хэрэгжүүлсэн бөгөөд сургалтуудаас гадна сургалтын хэрэгцээг тогтмол үнэлэх, сургалтын мониторинг, үнэлгээ зэрэг бусад үндсэн элементүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад нийцэх сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар байна.

2022 онд Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв олон улсын магадлан итгэмжлэлийг (ISO 21001) авснаар төрийн албан хаагчдыг сургаж, улмаар төрийн үйлчилгээг илүү сайн хүргэх боломжтой болсон. Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв нь ISO 21001 стандартыг авсан анхны төрийн сургалтын байгууллага бөгөөд олон улсын стандартад нийцсэн сургалтуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийг байгуулж, үйл ажиллагааг нь амжилттай хэрэгжүүлэхэд НЗДТГ-ын хамтарсан санхүүжилт чухал нөлөө үзүүлсэн. Тус төв нь орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлийн дотоодын болон гадаадын сургалтын байгууллагуудтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээс хуваалцахад Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төв нь Гаагийн Нутгийн Удирдлагын Академитай хот байгуулалтын асуудлыг тусгайлан шийдвэрлэх зорилгоор контент боловсруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн төрийн үйлчилгээг мэргэжлийн төвшинд иргэдэд илүү сайн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх ажилд нь тус төвийн хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе.

Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.