Улаан цэцэг: Монголын түүхэн дэх хүчирхэг эмэгтэй

Local news, 22.06.2022

Хорьдугаар (20-р) зуун бол бүхэлдээ эмэгтэйчүүдийн хөгжлийн хувьд төдийгүй Монгол Улсын хөгжилд ч ер бусын цаг үе байлаа. Эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг төрийн алба, соёл урлаг, эдийн засгийн хөгжил гэх мэт олон салбарт эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй доогуур үнэлдэг байсан үе юм. Маш олон эмэгтэйчүүд өнөөгийн Монгол орныг бүтээж, төлөвшүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байдаг. Харамсалтай нь тэр үеийн эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг харуулсан дүрс бичлэг, нотолгоо, тэр байтугай холбогдох баримт бичиг маш ховор юм. 

Улаан цэцэг УСК-ны баннер
Улаан цэцэг УСК-ны баннер ©Улаан цэцэг

Монголын залуу хойч үеийнхэнд өнгөрсөн үе, соёлын өв, урлаг, утга зохиолын талаар харуулах, сургах үүднээс эдгээр эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг тэргүүн эгнээнд гаргаж, ололт амжилтыг нь тэмдэглэн алдаршуулах нь нэн чухал болоод байгаа юм.

20-р зууны Монголын төр, нийгмийн түүхэн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч  хатагтай Сономын Удвал нь Монголын Эмэгтэйчүүдийн Холбоог 25 жил удирдаж, Монголын эмэгтэйчүүдийн эрхийг өнөөгийн байдалд авч ирэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гайхамшигт, манлайлагч эмэгтэй билээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “У-фильм” компани Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Улаан цэцэг” нэртэй киног хамтран бүтээсэн юм. Түүх бидэнд юу сайн байсан, юу амжилттай байсан, хаана ямар асуудал гарч ирсэн, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхийг харуулдаг.

Энэхүү кино гол төлөв жендэрийн тэгш байдлын тухай өгүүлдэг. Түүхээс харахад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд тэгш эрхтэй байж, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, ядуурлыг бууруулахад бүгд адил боломжтой гэдгийг харуулж байна.

Жендэрийн тэгш байдал нь Швейцарын Холбооны Улсын бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд бусад орны нэгэн адил Швейцарт жендэрийн тэгш байдлыг хангах асуудал олон жилийн турш манай хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаар ирсэн.

“Улаан цэцэг” кино нь Монголын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан аугаа эмэгтэй, жирийн нэгэн ээж, алдартай зохиолч, улс төрч, хатагтай Сономын Удвалын тухай өгүүлдэг. Тэрээр нийгэмд үлгэр дуурайл болсон гайхалтай эмэгтэй юм. Энэ кинонд түүний бага насандаа өнчирч үлдэн, олон асуудал, сорилтуудыг туулж, дээд боловсрол эзэмшиж, хэрхэн төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн болж байгаа хичээл зүтгэлээс гадна хувийн амьдралаа орхиж өөрийн хүсэл тэмүүлэл, эрч хүчээ дайчлан нийгэм, ялангуяа охид, эмэгтэйчүүд, утга зохиол, урлагийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хүсэл эрмэлзэл, эрч хүчээ зориулж байгаа амьдралын түүхийг харуулсан.

Энэхүү киноноос гол дүрийн эмэгтэйн амьдралаас гадна тухайн үеийн түүх, Монгол орны нийгмийн байдал ямар байсныг харах боломжтой юм. С.Удвал нь багадаа хөдөөгийн нэгэн жижиг аймагт өсөж, 7 настайдаа Өмнөговь аймагт шилжин очсон байна. Улмаар 1932 оноос тус аймгийн цэргийн хэлтэс, намын хороонд  бичээчээр ажиллаж байжээ.

Тэрээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн зохион байгуулагч, Өмнөговь аймгийн сонины эрхлэгч, Монгол ардын хувьсгалт намын төв хэвлэл болох “ҮНЭН” сонины суртал ухуулгын эрхлэгч, ерөнхий редактор, МАХН-ын Төв хорооны эмэгтэйчүүдийн хэлтсийн дарга, Монголын эмэгтэйчүүдийн үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний төв зөвлөлийн дарга, “Улс төрийн амьдрал” сонины эрхлэгч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга, Монголын зохиолчдын хорооны дарга, Хувьсгалт тэмцлийн ахмадын хорооны дарга, МАХН-ын Төв хорооны гишүүн, Ардын их хурлын депутатаар 10 удаа, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр 9 удаа тус тус сонгогдож байжээ.

С.Удвал нь Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил удирдсан нь энэ байгууллагыг хамгийн олон жил удирдсан хүн болжээ. Дэлхийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV их хуралд Монголын эмэгтэйчүүдийг төлөөлөн оролцож, тус байгууллагын зөвлөлийн гишүүнээр олон удаа томилогдож байсан байна. Тэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх орчин, тогтолцоог бий болгосноор тэдэнд дээд боловсролын эрхийг олгох замыг тусгайлан нээж өгсөн юм. Мөн хөдөлмөр эрхэлж буй жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амралт, хөнгөлөлт, дэмжлэг гэх мэт эрхийг хангахын төлөө шаргуу ажилласан байдаг. Хатагтай С.Удвал нь удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг ажиллуулах, тэр дундаа Засгийн газар, төрийн албанд ажиллах, эмэгтэйчүүдийн манлайлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. Тэрээр үйл хөдлөл, биеэ авч яваа байдал, бусдад анхаарал халамж тавих зэргээрээ жинхэнэ үлгэр дууриал болж, асар их нөлөө үзүүлж байсан. Түүний ажил зөвхөн Монгол улсад нөлөөлөөд зогсохгүй олон улсын эмэгтэйчүүдийн жинхэнэ төлөөлөл болж чадсан юм.

Энэхүү киноны зорилго нь орчин үеийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг өгч, улс орноо хөгжүүлэх, түүхийг ойлгох, нийгэмд эзлэх байр сууриа бэхжүүлэх, хойч үедээ үлгэр дуурайлал болох үлгэр жишээ болох, сэдэл өгөх юм.

Дэлгэрэнгүйг Улаан цэцэг хуудаснаас аваарай.