Хүүхдүүдэд зориулсан парламентын боловсрол

Local news, 27.01.2022

Ардчилал дахь иргэдийн үүрэг зөвхөн өөрийн төлөөллийн байгууллага болох парламентыг сонгосноор дуусахгүй. 

Өсвөрийн парламентын оролцогч Н. Нандин-Эрдэнэ
Өсвөрийн парламентын оролцогч Н. Нандин-Эрдэнэ ©ШХА

Харин парламент иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахыг хүсч байгаа л бол иргэдтэй үргэлж харилцаатай байх ёстой. Нөгөө талаас иргэд, тэр дундаа хүүхэд, залуучууд ч мөн идэвхтэйгээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай. Учир нь парламент болон иргэд нэг зоосны хоёр тал билээ.

Парламент юу хийж байгаа талаар үнэн зөв, сүүлийн үеийн мэдээлэлтэй байх нь иргэд парламентын ажилд оролцох урьдач нөхцөл. Иймд нэг талаас парламент хэрхэн ажилладаг, хууль хэрхэн бүтдэг, хууль тогтоох үйл явцад олон нийт хэрхэн оролцож болохыг харуулах зорилго бүхий боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд, залуучуудыг мэдээллээр хангах, ардчиллын үйл явцад тэднийг татан оролцуулах, нөгөө талаас нэвтрэх ба харьцах боломжтой парламентыг бий болгох шаардлагатай байна. Энэ зорилгоор парламентын боловсрол хөтөлбөрийг парламентат ёс өндөр хөгжсөн оронд хэрэгжүүлдэг туршлага бий.

Ардчилал, хүний эрх, үндсэн хууль, парламентат ёсны түүх, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой нийтлэг мэдлэгийг олон нийтэд олгож парламент болон иргэдийн хооронд эерэг харилцааг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох чадвартай иргэдийг төлөвшүүлэхийг парламентын боловсрол гэж ойлгож болно.

Парламентын боловсрол хүүхэд, залуучуудад олгох талаар Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө болон УИХ-ын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөөнд заасны дагуу УИХ-ын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар “Парламентын боловсрол” хөтөлбөр, 12-14, 15-17 насны багшийн болон сурагчийн гарын авлагыг боловсруулж хэрэглээнд нэвтрүүллээ. Хөтөлбөрийн эхний сургалтад 2021 онд зохион байгуулсан Өсвөрийн парламентын оролцогчид хамрагдсан. Сургалтын үр дүнд оролцогчид Улсын Их Хурал гэж ямар байгууллага вэ?, хуулийг хэрхэн баталдаг, хүүхдүүд ямар эрх, үүрэгтэй вэ?, парламентад өөрийн дуу хоолойгоо хүргэж, санал бодлоо илэрхийлэхийн тулд яах ёстой вэ? зэрэг мэдлэгийг олж авсан юм.

“Би “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдсанаар их зүйл сурсан. Парламент болон иргэд хоёр нэг зоосны хоёр тал юм. УИХ-аас баталсан хууль хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас хүүхдүүд бид парламентын үйл ажиллагаанд оролцох ёстой” хэмээн “Өсвөрийн парламент – 2021” хөтөлбөрийн оролцогч Н.Нандин-Эрдэнэ хэлсэн юм.

Цаашид Парламентын боловсрол хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлж, хүүхэд залуучуудад сонгуульд сонгогчид сонгуульд саналаа өгөх нь ямар утга учиртай, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь хэрхэн шинжих, ямар шалгуур үзүүлэлтийг шаардах,  хууль тогтоох үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар мэдлэг олгож, утга учиртай оролцоог дэмжих болно.

Дэлгэрэнгүйг Парламентын боловсролоос