Баруун бүсэд орших Хантайширын ууланд халиун бугын тоог өсгөж байна

05.05.2021

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн хэдэн арван жилд зэрлэг амьтдын тоо толгой ялангуяа халиун бугын тоо толгой эрс цөөрсөн. Манай улс 2001 онд халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулан засгийн газраас үндэсний хөтөлбөр боловсруулан хамгаалж ирсэн. Энэхүү хөтөлбөр нь бугын популяцийг өсгөх, байгалийн нөхөн үржихүйн байгалийн нөхцлийг бүрдүүлэхээс гадна зориудаар үржүүлж, хамгаалах зорилготой юм. Өнөөдөр Монгол орны ойн сан бүхий төвийн бүс нутагт 10,000 орчим л тоо толгой буга тоологдож байгаа судалгаа бий. 

Хантайшир уулан нутагшсан халиун буга
Хантайшир уулан нутагшсан халиун буга ©ШХА

Байгаль орчин, ховор амьтдыг хамгаалах хөтөлбөрийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхийн тулд экосистемийг илүү өргөн хүрээнд цогцоор нь хамгаалах, орон нутаг, иргэд, малчдын дэмжлэг оролцоотойгоор хамтран ажиллах нь чухал үр дүнтэй.

Алтайн уулсын салбар Хантайширын нуруунд сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой эрс ховордож, үндсэн популяцаасаа тусгаарлагдан удмын сан нь ядуурч бие давжаарах, харагдах үзэгдэх нь ховор болж иржээ. Энэхүү ховордлын үндсэн шалтгаан нь бэлчээрийн мал аж ахуйн өсөлт, бэлчээр нутаг усаар шахагдах түүнчлэн хятадын уламжлалт анагаах ухааны эмийн түүхий эдийн эрэлт хэрэгцээнээс үүдсэн хулгайн агналт зэрэг болно.

Монгол Улсын хэмжээнд халиун бугын тоо толгой огцом буурч байгаа хэдий ч  Хустайн байгалийн цогцолборт газрын хувьд тахь сэргээн нутагшуулж байгаа төслийн хүрээнд сайтар төлөвлөсөн хамгааллын менежментийн үр дүнд тэндэхийн буга болон бусад зэрлэг амьтдын тоо толгой аажмаар нэмэгдэж байна. Энэ нь Алтайн халиун буга ТББ-д Хантайширын нурууны бугын сүргийн удмын санг дэмжих, сэлгүүлэн нутагшуулах ажлыг эхлүүлэх сайхан боломжийг бүрдүүлсэн юм.

Алтайн халиун буга ТББ нь 2017 оноос  гурван удаагийн тээвэрлэлтээр 43 толгой бугын илийг Хустай нуруунаас Хантайширын нуруунд амжилттай нутагшуулсан бөгөөд нялх илийнүүд шинэ нутагтаа хүргэгдэсний дараа мал эмнэлгийн хяналт, хүний асаргаа маллагаанд торниж байгаад жил орчмын дараа байгальд суллагдан гардаг.

Нутгийнхаа ховор амьтдыг хамгаалах, амьдрах орчныг нь унаган төрхөөр нь үлдээн хадгалах ажилд нутгийн иргэд, залуу үеийнхний байгаль хамгааллын мэдлэг боловсрлыг сайжруулах, төр, хувийн хэвшил болон олон улсын байгаль хамгааллын байгуулаггуудын дэмжлэг, хамтын ажиллагаа нь цаашдын тогтвортой амжилтын үндэс болно.

Швейцарын хөгжлийн агентлаг Алтайн халиун буга ТББ хамтран Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах төслийг дэмжиж, тээвэрлэлт, нялх илийнүүдийн арчилгаа маллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийхэд тусалж дэмжин ажиллаж байна

Дэлгэрэнгүй мэдээллийн манай файсбуук хаягнаас аваарай. www.facebook.com