Сүүний фермийн залуу эзэн

Article, 12.03.2017

Я.Чагнаадорж нас дөнгөж хорь гарч яваа ч амьдралд хөлөө олох гэж нэлээдгүй сорилт давжээ. Их сургуульд нягтлангийн мэргэжлээр суралцаж байгаад төлбөрийн боломжгүйгээс сургуулиа орхихдоо юу хийж яаж амьдрах учраа олохгүй явсан үе саяхан.

yep_story
Я. Чагнаадорж, Баясгалан нар Залуучуудын гарааны бизнес дэмжих хөтөлбөрт шалгарч, шагналаараа тарагны үйлдвэрлэлээ өргөжүүлжээ.

Хөдөө төрж өссөн, малчны хүүхэд болохоор заавал нягтлан бодогч болох гэж зүтгэсэнгүй. Харин сургуульд сурах богинохон хугацаандаа ирээдүйн эхнэр О. Баясгалантайгаа танилцсан аж.

Эрхэлсэн ажилгүй дэмий суухаар малчин аав ээждээ тус дэм болохоор Я.Чагнаадорж нэг л өдөр нутаг буцлаа. Ингээд гэртээ мал маллаж байхдаа өөрийн гэсэн бизнес эхлүүлэхээр шийджээ. Хэдэн жилийн өмнөх зуданд тэднийх олон тооны мал алдсан юм. Тиймээс зуд турханд амархан өртдөг уламжлалт нүүдлийн ахуйгаас татгалзаж суурин аж ахуй эрхлэх санаа сэдэн, саалийн зургаан үнээтэй сүүний ферм байгуулжээ.

Удалгүй, Чагнаадорж, Баясгалан хоёр өрх тусгаарлав. Тэд өглөөнөөс үдэш болтол шаргуу ажиллаад ч ашиг орлого нь өөрсдийн өдөр тутмын хэрэгцээнээс (сард 800,000 төгрөг) илүү гарсангүй. Өвөлдөө нэг үнээнээс ердөө гурван литр сүү саана. Зундаа найман литрийг саах боловч сүүний нийлүүлэлт нэмэгдсэнээс олигтой борлуулж чадсангүй.

Ийнхүү учраа олохгүй, эхлүүлсэн ажлаа унагаачихгүй хэмээн зүтгэж явтал нэгэн өдөр түүнийг аймгийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвөөс дууджээ.

Баянхонгор Политехникийн коллежийн дэргэдэх ажил мэргэжлийн чиг баримжаа олгох төвөөс аймгийнхаа ажилгүй болон ажил мэргэжлийн дэмжлэг зөвлөгөө хэрэгтэй залууст хандсан олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж.

Тус төвийн зөвлөх А. Энх-Амгалангийн хувьд нэлээд олон залуустай ярилцсан жирийн нэг өдөр байсан ч Чагнаадоржийн хувьд амьдралд нь эргэлт авчирсан онцгой өдөр болсон юм.

А.Энх-Амгалан залуу гэр бүлд хандаж тус коллежийн дэргэд мал аж ахуй, газар тариалангийн хосолсон фермерийн мэргэжил дээшлүүлэх нэг жилийн түргэвчилсэн сургалт эхэлж байгааг хэлээд тэдэнд суралцахыг зөвлөсөн аж.

Ийнхүү Чагнаадорж коллежид сурснаар фермерийн аж ахуйн талаар чамгүй мэдлэг хуримтлуулж, улмаар сурч мэдсэнээ даруй фермертээ ашиглах болжээ.

Эдүгээ, тэднийх бүл нэмж хүүтэй болсон. Эхнэрийнхээ хамт өргөжин тэлж буй ферм дээрээ тун завгүй ажиллаж байна. Саалийн хорин үнээтэй болж, дарш, багсармал тэжээлийн ачаар сүүний гарц ч даруй 50 хувиар өсчээ. Ажлаа дийлэхээ больсон залуу фермер хоёр туслах ажилчинтай хамтарч байна. 

Улмаар, сүүгээ өөрсдөө боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөлдөөсөн тараг зах зээлд нийлүүлэх болов. Бүтээгдэхүүний дээжээс амссан коллежийн багш нь “Чагнаагийн үйлдвэрлэсэн ‘Бабуулай’ тараг миний ажлын үр дүн, надад өгсөн өндөр шагнал мэт санагдсан. Их сайхан амттай тараг болсон байна лээ" хэмээн үнэлжээ.

Мал аж ахуйд суурилсан бизнесийн ашиг нэмэгдэж, залуу гэр бүлийн сарын орлого нь 2.8 сая төгрөг болжээ. Энэ тоо зуны улиралд бүр ч өсөх хандлагатай байна.

Тэдний амжилт үүгээр зогссонгүй. 2016 оны 10-р сард Баянхонгор аймгийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт шалгарч, 10 сая төгрөгийн тэтгэлэг хүртсэн нь түүний хувьд хамгийн том шагнал байлаа. 

Тэтгэлгээ тарагны бизнесээ өргөжүүлэхэд нэн шаардлагатай сав суулга, хөлдөөгч зэрэг тоног төхөөрөмж авахад зориулжээ.

Чагнаадорж цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэн хуурай сүү, зайрмаг зэрэг олон төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийнхаа төдийгүй Улаанбаатарын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

"Сонирхлоо үргэлж дагаж, санасандаа тууштай байж, хэзээ ч бууж өгөлгүй, байнга суралцаж, шаргуу ажиллах л хэрэгтэй" гэж тэрээр гарааны бизнесээ эхэлж буй үе тэнгийнхээ залууст зөвлөж байна. 

Ажилгүй болон ажил идэвхтэй хайж буй залууст ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, мөн залуучуудын гарааны бизнесийг дэмжих замаар залуучуудын ажил эрхлэх боломжийг дээшлүүлэх зорилготой ШХА-ийн энэхүү цогц хөтөлбөр нь Чагнаадоржийн нэгэн адил олон залууст амьдралд хөлөө олж, ажил хөдөлмөрийн мөр хөөхөд нь дэмжлэг үзүүлж байна.