Орон нутгийн төрийн албаныхан нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн орчныг хэлэлцэхээр чууллаа


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 31.01.2019

2019 оны нэгдүгээр сарын 15, 16-нд Улаанбаатар хотод “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган боллоо. Чуулганд 300 гаруй төлөөлөгч оролцож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг удирдан чиглүүлэх зарчмуудыг хэлэлцэж санал бодлоо солилцсон юм.

“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган
“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган ©ШХА

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр уг чуулганыг зохион байгуулсан. УИХ, яам, тамгын газрууд, баг, хороо зэрэг Засгийн газар, шат шатны засаг захиргааны төлөөлөлд хуулийн суурь буюу үндсэн шинэчлэлд оролцох боломж олгосноороо онцлогтой.

Хэлэлцүүлгийн цөмд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (ЗЗНДНТУХ, 1992)-ийн шинэчилсэн найруулгын асуудал байлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжих үед ЗЗНДНТУХ-ийг хэрэгжүүлснээр тодорхой амжилтанд хүрсэн ч удаа дараа хэсэгчилсэн байдлаар нэмэлт өөрчлөлтөнд орсон уг хуулийг шинэчлэн найруулах төсөл боловсруулах хэрэгцээ шаардлага байгааг оролцогчдын дийлэнх олонх хүлээн зөвшөөрч байсан юм. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” (МУТББ) төслийн хүрээнд одоогоор хүчин төгөлдөр ЗЗНДНТУХ хуулийн хэрэгжилтийн байдалд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийж 2018 онд нийтэлсэн. Мөн дүн шинжилгээнээс гарсан зөвлөмжүүдийг үндэслэн боловсруулсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганд оролцогчдод анх удаа хүргүүлсэн юм

Чуулганыг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын хөгжлийн агентлагийн дэд захирал Илариа Дали нар үг хэлж дараа нь бүлгийн хэлэлцүүлэг, салбар хуралдааны үеэр төвийн болон бүсийн удирдлага, нутгийн төлөөллийн байгууллагууд хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах асуудлыг хэлэлцэж үзэл бодлоо солилцсон.  Одоогийн засаглал, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн орчин, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хувилбарын хүрээнд тулгарч буй тулгамдсан асуудлуудыг энэ чуулганы үед тодорхойлсон байна.

ЗЗНДНТУХ хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд органик хууль,ердийн салбар хууль хоорондын эрэмбийг тогтоох, зүйл заалтуудын давхардал, зөрчлийг арилгах зэргийг шийдвэрлэх, мөн нутгийн удирдлагын бүх түвшний чиг үүрэг, бүрэн эрхийг зааглан хуваарилах, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгө төсвөөр хангахын тулд төсвийн хуваарилалт, орлого бий болгох эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ үүссэн. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы үед засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмууд, өнөөгийн байдал, орон нутаг ба хотын эрх зүйн тэгш хэмгүй байдлын асуудал удаа дараа сөхөгдөж байв. Түүнчлэн, чуулганд оролцогчид Иргэдийн төлөөлөгчдийн хурал (нутгийн зөвлөлүүд), Засаг даргын хариуцлагын зааг ялгаа, бүрэн эрхийн хуваарилалтыг сайжруулах, орон нутгийн сонгуулийн тогтолцоо (томилох ба сонгох, бие даасан нэр дэвшигч ба улс төрийн намаас нэр дэвшигч, шалгуур үзүүлэлтүүд) болон нутгийн удирдах байгууллагын дотоод бүтцийг оновчтой болгох хэрэгцээ шаардлага байгааг цохон тэмдэглэж байсан.

Чуулганаас гарсан зөвлөмжүүд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д хүргүүлсэнээс хойш үндэсний болон нутгийн хэмжээнд зохион байгуулагдах хэлэлцүүлэгт оролцогчдод харилцан зөвшилцөлд хүрэх чухал алхам, шинэчилсэн хуулийн төслийг эцсийн байдлаар боловсруулахад түлхэц болж өгнө.   Уг шинэчилсэн хуулийг 2020 оны сонгуулиас өмнө УИХ-аар батлуулахыг зорьж байгаа юм.  Хуульд оруулах өргөн хүрээг хамарсан энэхүү шинэчлэл нутгийн засаглал, удирдлагын тогтолцооны хөгжилд урт удаан хугацаанд эерэг нөлөө үзүүлэх аж.  Нутгийн удирдлагын эрх үүргийг зохистой хуваарилах, хариуцлагыг дээшлүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлж өгснөөр улсын хэмжээнд нутгийн удирдлагын үр дүн, тэдгээрийн үзүүлэх төрийн үйлчилгээний үр өгөөжийг дорвитой дээшлүүлэх боломж олгогдоно.