Түншлэлт суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төслийн хаалт боллоо


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 07.03.2019

Швейцар, Герман, Австралийн санхүүжилтээр Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАР ДАХЬ ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТ ТӨСЛИЙГ 2016-2019 онд хэрэгжүүлсэн. Хаалтын арга хэмжээнд төслийн хамтрагч байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж үр дүнгээ хэлэлцлээ.

Швейцар, Герман, Австрали болон Монголын хамтын ажиллагаа ©ШХА

Төслийн гол зорилго хөдөлмөр эрхлэлтийн боломжуудыг Монголын залуучууд болон насанд хүрэгчдэд илүү сайн ашигладаг болгох. Үүний тулд мэргэжлийн боловсролын салбарыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд уялдаатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг бий болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулжээ. Төслийн үр дүнд шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийн төгсөгчдийн 70% нь сургалт дууссаны дараа 6 сарын дотор ажилд орсон байна.

Уг төслийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлт бүхий мэргэжлүүдийг сонгон 8 мэргэжлээр чадамжид суурилсан сургалтын туршилтын хөтөлбөрийг боловсруулж, түншлэгч МБСБ дээр хэрэгжүүлсэн. Үүнээс 5 мэргэжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулсан байна. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтад ашиглах зөвшөөрлийг ХНХЯ олгожээ. Мөн, олон улсын стандартад нийцсэн 100 гаруй сурах бичиг, дадлага ажлын дэвтэр, багш нарын гарын авлагыг хэвлүүлэн түншлэгч 12 мэргэжлийн боловсролын сургуулиудад ашиглаж, түгээн дэлгэрүүлж эхэлсэн. Олон улсын техникийн зөвлөхүүдийг түншлэгч сургууль бүрт байршуулан багш болон удирдлагуудад ажлын байран дээр нь зөвлөгөө өгөн, дэмжлэг үзүүлж ажилласан. Нийт 2020 гаруй МБС-ын салбарын багш, ажилтнуудыг хүний нөөцийг чадавхжуулах сургалтад дотоод болон гадаадад хамруулан, ур чадвар, чадавхийг нь нэмэгдүүлэхэд нэн анхаарчээ.

Түүнчлэн МБСБ болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хүрээнд томоохон компаниудын төлөөлөл бүхий 16 мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулж, тогтмол үйл ажиллагааг дэмжиж, төгсөлтийн шалгалтад мөн оролцуулсан. Үйлдвэрлэлийн дадлагыг сайжруулах хүрээнд хувийн хэвшил дээр 440 гаруй дадлагажуулагч багш нарыг бэлтгэсэн байна.

Төслийн бас нэгэн бүрэлдэхүүн хэсэг – ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээний хүрээнд анхны магистрын зэрэг бүхий ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг бэлтгэх хөтөлбөрийг МУИС дээр хэрэгжүүлж, суурийг нь тавьсан. Мөн ажил мэргэжлийн чиг баримжааны цахим хөтөч  веб сайт болон аппликейшнийг олон нийтэд бэлтгэн хүргэсэн юм. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй байгаа мэргэжлүүдийг сурталчлахын тулд МБС-ын салбарын нэр хүндийг өсгөх хүрээнд олон ажлыг дэмжиж, гүйцэтгэсэн. Үүний нэг жишээ нь ТСМБС төсөл нь Монгол Ур Чадварын Тэмцээний зохион байгуулалт болон Дэлхийн Ур Чадварын Тэмцээний бэлтгэл, оролцоог үргэлж дэмжиж ирсэн.

Хаалтын арга хэмжээнд төслийн санхүүжүүлэгч хөгжлийн агентлагууд, түншлэгч, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж, төслийн хүрээнд хийгдсэн ажлууд болон үр дүнгийн талаар хэлэлцэн бусадтайгаа санал сэтгэгдэл, өөрсдийн туршлагаа хуваалцлаа. Төслийн үр дүнгийн судалгааг та бүхэнд видео хэлбэрээр хүргэх болно.

Төслийн хаалтын үйл ажиллагаа дээр МБС-ын салбарт хэрэгжих дараагийн төслийг зарласан ба 2019 оны гуравдугаар сараас ХБНГУ, Австрали, БНСУ-ын санхүүжилтээр “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг ГОУХАН Монгол Улсын ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж эхлэх юм.